Спорт

БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар. “Сахилга бат хариуцлагаа дээшлүүлье”

2008-09-11 73 Web

Таван цагариг сонин 2008-09-11 №73

  Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ч.Наранбаатар- тай ярилцлаа.

Юуны өмнө олимпоос дөрвөн медальтай ирсэнд баяр хүргэе.

-Баярлалаа. Монгол улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, төрийн аппарат, аж ахуйн нэгж, хэвлэлийнхэн зэрэг бүх байгууллагын хичээл зүтгэлийн дүнд энэ өндөр амжилтад хүрлээ.

-Хоёр алт, хоёр мөнгөн медаль гэдэг бол үнэхээр өндөр үзүүлэлт юм. Спортын хамгийн том байгууллагыг удирдаж буй хүний хувьд олимпийн цикл болоод Бээжингийн олимпод оролцсон ур дүнд ямар дүгнэлт өгч байна?

-Гурван жилийн өмнө бид дөрвөн төрлөөр улсын шигшээ багийг 58 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж байлаа. Тэр өдрөөс хойш түүнд зарцуулах төсөв жилийн жилд нэмэгдсээр ирсэн юм. Үүний хамгаар материаллаг баазыг бэхжүүлж, эрдэм шинжилгээ сургалтын төвийг бий болгож, эрдэмтдээс бүрдсэн зөвлөлийг байгуулсан. Эдгээрээс онцлууштай нь спортын анагаах ухааныг хөл дээр нь босгосон явдал юм. Чагнуураас өөр хэрэгсэлгүй байсан энэ салбарт 45 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн шаардлагатай тоног хэрэглэлийг авсны дүнд тамирчдын бэлтгэлжилтийг хянах, зохицуулах бүрэн хянах, зохицуулах бүрэн боломжтой болсноор тамирчдаа  олимпод  амжилттай оролцууллаа.

-Яах аргагүй монголчууд энэ удаагийн олимпод шинжлэх ухаанч зарчмаар оролцож, тамирчдынхаа уяа сойлгыг даацтай тааруулсан. Спортын анагаах ухаан өндөр хөгжих тусам баг тамирчид ямар амжилт гаргахыг тодорхой хэлж өгч байдаг гэдэг. Энэ утгаар нь танаас асуухад Бээжинд тийм төвшинд өрсөлдөнө гэсэн таамгийг та бүхэн гаргасан байсан байх?

-Бид гурван жилийн өмнө шигшээ багаа байгуулаад олимпод хэрхэн оролцох тухай үзэл баримтлалаа боловсруулсан юм. Тэгэхэд бид 20-иос доошгүй эрх авч, хоёроос доошгүй медалийг олимпоос хүртье гэсэн зорилго тавьсан. Тэрхүү хоёр медалийн нэг нь алт байна гэж төлөвлөөд бид “2008-Алтан медаль” гэсэн уриалгаа бий болгосон. Дээр нь Монгол улсын Ерөнхийлөгч маань ч өөрийн уриалгыг гаргаснаар тамирчин,  дасгалжуулагчийн сэтгэл зүйд “Алтан медаль гэдэг хүршгүй даваа биш юм шүү” гэсэн ойлголтыг суулгаж өгсөн. Биднийг ийм ажил өрнүүлж эхлэх үед “Өдрийн од шиг ховор алтан медаль яриад мөрөөдөөд байх юм. Ойроор нь хүрэл медальдаа зүтгэвэл дээр шүү дээ” хэмээн ярих хүмүүс цөөнгүй байв.

Энэ бүх ажлын дүнд бид Бээжингээс 4-5 медаль авна гэсэн таамгийг гаргасан. Гэхдээ үүнийг ард түмэндээ хэлээгүй. Сэтгэлийн хөөрлөөр хэтэрхий том ам гарч болохгүй гэж үзсэн.

-Ийм том төлөвлөгөө боловсруулаад Бээжинд очтол нэг тамирчин маань барилдах боломжгүй болоход их л хэцүү байсан байх даа?

-Жүдогийн С.Мияарагчаа гэнэт барилдах боломжгүй болоход “Хэн нь буруутай вэ?” гэсэн асуудал босоод ирсэн. Тэр тохиолдолд хүн бүр л буруугүйгээ илэрхийлж, өөр өөрсдийн асуудлаа тайлбарлаж таарна. Ямар байгууллага юугаа хариуцаж, хэн нь аль ажлыг үүрэх вэ? гэдгээ тодорхой байлгах шаардлагатай байгаа нь тэндээс харагдсан. Гэхдээ энэ явдлыг эс тооцвол манайхан Бээжинд сайхан гар нийлж ажиллалаа. Хэрүүл уруулгүй хамтран зүтгэвэл амжилтад хүрч болдгийг спортынхон маань харуулсан. Зарим холбоо олимпийн өмнө тамирчин, дасгалжуулагчидтайгаа холбогдож чадахгүй хэл ам болоод л байсан. Тиймээс холбоод бие даасан бодлого бариад ганцаараа яваад байлгүй БТСУХ болон МҮОХ-тойгоо нягт хамтран ажиллавал хамаагүй сайн үр дүнд хүрнэ  шүү дээ. Бид төрийн бус байгууллагын дотоод асуудалд оролцох эрх байхгүй.

Тиймээс чи ингэ, та тэг гэж хэлэх гээгүй юм. Гагцхүү спортын төв байгууллагуудтайгаа хамтрах уялдаа холбоогоо улам нарийсгах нь чухал.

-Олимпоос медаль авсан тамирчдын сэтгэл зүйн бэлтгэл өндөр төв- шинд байгаа нь тэмцээний үеэр ч, тэмцээний гадна ч тод харагдаж байсан. Ялангуяа тэд медалийн болзол ханга- сан хэрнээ тэмцээн хүрэл медалиар зогсохгүй шүү гэсэн сэтгэлээр биеэ барьж байгаа нь илт байлаа. Сугалаа харуутаа сэтгэлээр уначихдаг манайхны архаг удамшлыг үгүй хийж чад- сан нь “2008-Алтан медаль” аяны үр дүн мөн үү?

-Үүнд олон зүйл нөлөөлдөг. Тэдгээрээс бэлтгэлжилтийн төвшингөөс ихээхэн шалтгаална. Бэлтгэл тун сайн хангагдсан хүнд л тийм давуу тал илэрнэ. Харин тааруухан бэлтгэлжилтэй тамирчин аваргатай таарлаа гээд л гундаж гутраад ирнэ шүү дээ. Тамирчдаа ингэж өндөр төвшинд бэлтгэхэд БТСУХ, МҮОХ хоёр ихээхэн зүтгэл гаргасныг энд дурдах нь зүйтэй.

-Манай зарим тамирчид хувийн сэтгэл зүйчтэй байсан гэдэг. Тэгэхээр сэтгэл зүйчийн ур чадвар олимпын амжилтад өөрийн хувь нэмрийг оруулжээ дээ?

-Хэд хэдэн сэтгэл зүйч манай тамирчидтай ажиллаж тодорхой үр дүнд хүрсэн. Тэр бүрт нь бид өөрсдийн зүгээс бүх талын туслалцаа, дэмжлэгийг үзүүлсэн. Тухайлбал, О.Гүндэгмаа олимпийн өмнө хувийн сэтгэл зүйчтэйгээ хамт Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд бэлтгэлээ базаасан. Бид тус төвийнхэнтэй яриад байр талбай, хоол унд гээд бүх асуудлыг зохицуулсан. Ер нь дээрх жишээнүүдээс харахад тамирчин бүр өөрийн гэсэн сэтгэл зүйчтэй болох нь сайн талтай гэдэг нь батлагдаж байна.

-Олимп өндөрлөж, нэг цикл дууслаа. Энэхүү циклийн оргил үе Бээжинд тохиов. Дээрх оргил мөч ирэх олимпийн циклд ямар чиглэлээр ажиллаарай гэдэг замыг та бүхэнд зааж өгсөн бэ?

-Спортын анагаах ухааныг илүү сайн хөгжүүлэх шаардлагатай юм байна гэсэн ойлголттой боллоо. Энэ салбар хэдий чинээ өндөр хөгжинө төдий чинээ тамирчдынхаа нөөц бололцоо, уяа сойлго, сэтгэл зүйг мэдэж, зохих төвшинд нь хүргэх боломжгүй болж ирнэ. Хоёрдугаарт, тамирчдынхаа дотоодын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх ажлыг ирэх олимпийн циклд хэрэгжүүлнэ. Б.Наранбаатар л гэхэд Дагестанд очоод 4-5 Наранбаатартайгаа бэлтгэл хийсэн. Яг ийм өрсөлдөөнийг Монголдоо бий болгох нь чухал. Гуравдугаарт, материаллаг баазаа бүр сайн бэхжүүлэх шаардлагатай. Бид гурван жилийн хугацаанд бололцооныхоо хэрээр зүтгэсэн. Үүний дүнд БТСУХ Спортын ордныхоо “Б” танхимыг энэ сарын 1- нийг хүртэл Монголын жүдо бөхийн холбоонд гэрээгээр өгсөн. Жүдогийн хуучин заалыг чөлөөт бөхийхөнд шилжүүлснээр эрэгтэй, эмэгтэйгээрээ тусдаа бэлтгэл хийх бололцоотой боллоо.

Боксын заалыг бүрэн засварлаж, бэлтгэл сургуулилт хийх боломжоор хангасан зэрэг нь үүний тод жишээ болох биз ээ. Дөрөвдүгээрт, багш дасгалжуулагчдыг өөрсдийнх нь ур чадвар, мэдлэг, шавь нарынх нь төвшингөөр өндөр шалгуурт оруулж сонгон шалгаруулах болно. Үндсэндээ бид жил хагасын‘өмнөөс 2012 оны олимпийн бэлтгэлдээ гар- сан. Үүнийг юугаар харуулж байна вэ гэхээр залуучуудын шигшээ багийг бай- гуулсан явдал юм. Тиймээс өнөөгийн шилдэг тамирчдаа залуучуудынх нь хамт сайн дасгалжуулагчаар бэлтгүүлэх нь чухал.

-Тамирчин амжилт гаргаж, дасгалжуулагч сайн ажиллах нь тухайн төрлийн холбоодын үйл ажиллагаанаас шууд хамаарна. Энэ утгаараа холбоодод тавигдах шаардлага өндөр байх учиртай. Спортын толгой байгууллагыг тэргүүлж буй хүний хувьд холбоодын олимпийн циклийн жилүүдэд ажилласан байдалд үнэлэлт өгвөл…

-Яах аргагүй холбоод хэрхэн ажиллаж байгаа байдал өнөөдрийн амжилтуудаас харагдсан. БТСУХ, МҮОХ-тойгоо гар нийлж ажилласан холбоо, дасгалжуулагч, тамирчид нь өндөр амжилт гаргалаа. Боксын спортыг л хар. Удирдлагууд нь гурван жил хагасын хугацаанд шинэ эргэлт хийсэн. Үүнд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Боксын холбооны ерөнхийлөгч Д.Цогбаатарын хувь нэмэр асар их юм. Бөөн хэл ам, хэрүүл уруулаар дүүрч, зогсонги байдалд орсон спортыг шинэ удирдлага нь хөл дээр нь босгон том амжилтад хүргэлээ. Тэдэнд БТСУХ сүүлийн хоёр жилийн турш бүх талаар тусалсан. Энэ бол төрийн ивээл дор спорт яаж хөгждөгийн тод жишээ болж өглөө. Жүдо бөхийн холбоо, Буудлагын холбоо- той ч мөн ийм зарчмаар ажилласны дүнд зорьсондоо хүрлээ. Чөлөөт бөхийн холбооны хувьд удирд- лага нь өөрчлөгдөөд удаагүй байгаа. Би Ч.Ганзориг ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаа уулзаж ярилцахдаа олимпийн өмнө ямар нэг өөрчлөлт хийж, олимпийн циклийг эвдэж болохгүй гэсэн дээр санал нэгтэй байгаа илэрхийлэлцсэн. Тэд удахгүй хурлаа хийж, шинэ зохион байгуулалтад орох тухай дуулдана лээ.

-Бээжингийн олимпоос дөрвийн дөрвөн медаль аваад бид өөрсдийгөө нуман тулгуурт оруулчихлаа шүү дээ. Ард түмэн 2012 онд дээрх амжилтаа бататгахыг шаардах нь мэдээж. Энэ том даалгаврыг Лондонд биелүүлэх боломж нөөц хэр байгаа бол?

-Боломж бий. Гэхдээ сахилга дэг журмыг илүү чангатгах хэрэгтэй. Дээр нь багш дасгалжуулагчдыг урт богино хугацааны сургалтад хамруулах, хариуцлагыг өндөржүүлэх шаардлагатай. Өнөөдөр ямар ч гавьяат байлаа гэсэн тамирчнаараа, дасгалжуулагчаараа л байх учиртай. Зарим тамирчид нь оддын өвчнөөр өвчилж, багшаа тоохоо байдаг явдал гардаг. Энэ бүгдийг цэгцэлж чадвал манайхан Лондонд өндөр амжилт үзүүлэх бололцоотой.

-Тамирчин, дасгалжуулагчдын харилцаанд нөлөөлдөг нэг том асуудал бол шагнал. Медаль авсан тамирчин мөнгөө аваад багшдаа унжлаа гээд яригдаад л байдаг. Багшид өгөх мөнгөний хувийг тогтоож өгөхгүй бол энэ маргаан тасрахгүй юм шиг ээ?

-Энэ асуудлыг цэгцлэх үүднээс бид Засгийн газрын түрүүчийн хуралдаанд оруулах гээд дийлээгүй. Саяны олимпод амжилт гаргасан хүмүүс маань хуучин журмаар мөнгөө авахаар болсон. Тиймээс багш нар нь тэдэн төгрөг өгөөч гээд гуйх болчхоод байна. Бид Засгийн газрын дараа дараагийн хуралд үүнийг хэлэлцүүлж, тогтоолд өөрчлөлт оруулуулах болно.

-Сахилга бат, хариуцлага гэдэг зүйл манайхны гол бэрхшээл байсаар ирсэн. Үүнд ямар шинэчлэл хийхээр төлөвлөж байна вэ? Саяны олимпийн циклд үүнтэй холбоотой асуудлууд үүсэв үү?

-Том бэрхшээл бол гараагүй. Харин ужгирсан, хэрүүл ам тасардаггүй асуудал байсан. Энэ бүгдийг бид бүх хүмүүстэй нь ярилцаад шийдэж ирлээ. Ядаж тамирчид маань сахилга батаа эрхэмлэж байх ёстой. Гэтэл гавьяат болчихоод л бэлтгэлээс хоцроод эхэлдэг. Чи хааччихав гэхээр “Гавьяат нь жаахан хоцроод ирлээ” гэж пээдийж байх жишээтэй. Тиймээс бид дасгалжуулагчийн ажилд туслуулах үүднээс багийн ахлагчийг сайн ажиллуулдаг болох хэрэгтэй. Ямар нэг асуудал гарвал ахлагчтай нь ярьдаг энэ зарчим тун зөв систем юм. Тиймээс бид шигшээ багийнханд тавих шаардлагыг өндөрс- гөж байгаа. Одоо бол хаа хамаагүй хүмүүс орж ирж тамирчинд зааж зөвлөдөг, загнаж зандардаг байдал байхгүй болгосон. Үүнийг дагаад өмч хөрөнгийн асуудал цэгцэрч ирлээ. Ядаж л өмч хариуцсан хүмүүс түүндээ эзэн болж, алга хийсэн бол хариуцлага хүлээдэг болсон.

-Манайхны бас нэг удамшсан зан бол амжилт гаргасан тамирчнаа өмчирхөж булаацалдах араншин юм. Ийм байдал тамирчдадаа сөрөг нөлөө үзүүлээд байдаг юм шиг


-Энэ асуудал бүр эртний түүхтэй юм шиг. Бид шигшээ багийг байгуулах үедээ алдаа гаргасан байна лээ. Уг нь шигшээд бүх л сайн гэсэн багш, эрдэмтдээ хамруулсан. Гэтэл шигшээ багт байгаа тамирчны дасгалжуулагчийг нь авч ажиллуулах хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй болохоор нэг тамирчинд хэд хэдэн дасгалжуулагч гарч ирээд үл ойлголцол бий болох тохиолдол гардаг.

– Ингэж өмчирхөх араншин нь багш дасгалжуулагчдын мэдлэг, боловсролын төвшингөөс болоод байгаа юм шиг ээ. Аль социалист нийгмийн үед олсон хуучин арга барилаа тордож чадахгүйгээс болж тамирчдадаа гологдоод байгаа санагдах юм. Тийм болоод л тэр миний шавь, энэ чинийх гээд жалга довны хэрүүл хийгээд байна уу даа?

-Үүнтэй санал нэг байна. Багш, дасгалжуулагчдын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх нь бидний гол зорилго. Дээр нь тэдний нэр хүндийг өндөрт байлгах үүднээс шигшээ багийн ахлах болон туслах дасгалжуулагчдын хариуцах ажил, үүрэг даалгаврыг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Ийм журам дүрэм нарийн гараагүйгээс болоод шигшээ багт дансгүй хүн олимпийн дэвжээн дээр алчуур сэвээд зогсож байгаа байхгүй юу.

-Эндээс ургуулаад асуухад спортын аппаратад ажиллаж байгаа боловсон хүчин хэр бэлтгэгдсэн байгаа вэ? Ганцхан тамирчны амжилт дасгалжуулагчаас гадна холбоо ба спортын байгууллагын хамтын ажиллагаанаас ихээхэн шалтгаалах учраас үүнийг асуулаа?

-Бид төрийн албаны салбар зөвлөлөө байгуулаад төрийн жинхэнэ албан хаагчийг бэлтгэсэн. Энэ нь том алхам юм. Цаашдаа бид чанаржуулах ажлыг хийнэ. Одоо БТСУХ-нд мэргэжлийн хүмүүс ажиллаж байна. Гадаад харилцааны хэлтсээс бусад хэлтэст зэрэг цол хамгаалсан мэргэжлийн хамт олон бий.

-Олимпийн нэг цикл дуусаж дараагийнх нь эхэллээ. БТСУХ-ны дараагийн дөрвөн жилийн ажил юунаас эхэлж байна вэ?

-Бид ажлаа дүгнэж алдаа оноо, ололт алдагдлаа хэлэлцэж байна. Үүний хажуугаар ямар байгууллага аль үүргийг хүлээх вэ гэдгээ спортын салбарынхантайгаа ил тод ярилцаж байна. Ингэж хувь хувийнхаа хүлээх үүргийг тогтоож авахгүй бол зарим холбоо бүх юмыг төр даах мэтээр ойлгодог бололтой. Зарим тохиолдолд холбооны ажлыг хүртэл төрд даатгах гээд байдаг боллоо. Тиймээс ажил төрлийнхөө хуваарилалтыг зөв тогтоож авах нь зүйтэй юм. Ер нь цаашдаа холбоодыг ажлын үр дүнгээр нь үнэлж төр дэмжиж байх системд шилжвэл зүйтэй. Тэгэхдээ яаж дэмжих вэ гэдгээ бодлогоор тодорхойлох хэрэгтэй.

Ярилцсан Ж.БАЯРЖАРГАЛ


Түлхүүр үгс: , ,


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DMS.mn хариуцлага хүлээхгүй болно. DMS.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

PHP Code Snippets Powered By : XYZScripts.com
Scroll Up